2025 оны 05-р сарын 06-ны өдөр тус сумын Соёлын төвөөс санаачлан Хайрхандулаан сумаас төрөн гарсан "ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧДЫН ЧУУЛГАН, ЗӨВЛӨГӨӨН"-ийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд МУСТА, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч, яруу найрагч Дамдинцэвээний Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн ХДТеатрын ерөнхий найруулагч, Театрын шүүмж судлаач, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч, яруу найрагч Эрдэнэтунгалагийн Дашзэвэг, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Эрдэнэбатын Их-Монгол, Сэтгүүлч, яруу найрагч, Цэрэнгийн Одончимэг, Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч, Ерөөлч, магтаалч, яруу найрагч, Шарын Болдбаатар, залуу яруу найрагч Пүрэвтогтохын Өнөржаргал, залуу яруу найрагч Батбаярын Мэндбаяр, уран зохиол, яруу найрагт хайртай олон арван шавь төрүүлсэн сумын ЕБС-ын Монгол хэл, Уран зохиолын багш Чулуунбатын Ганчимэг нар уригдан оролцлоо. \Нийт 27 зохиолч, яруу найрагчдад урилга өгсөн болно.\
Уг арга хэмжээ нь:
Нээлтийн арга хэмжээ
Сумаас төрөн гарсан зохиолчдын бүтээл, номын үзэсгэлэн
Уран үгсийн чуулган
ЕБС-ын сурагчдын дунд Уран уншлага, яруу найргийн уралдаан
Сум орон нутгийн хөгжилд Зохиолч, яруу найрагчдын оролцоо сэдэвт "Хэлэлцүүлэг"
Хүлээн авалт гэсэн хэсгүүдээс бүрдсэн болно.
Бидний зохион байгуулсан үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэж сумын Засаг дарга Пүрэвдоржийн Алтанган 500.000 төгрөг, Эрдэнэт хот дахь Хайрхандулаан сумын нутгийн зөвлөлийн дарга, яруу найрагч Аюушийн Адъяадолжин 500.000 төгрөг, 4-р багийн Аймгийн аварга малчин Тогоохүүгийн Хоролдавга 400.000 төгрөг, сумын Аварга малчид болох Наранцэцэгийн Буянт, Доржжанцангийн Батцэрэн нар тус бүр 1 хонь хандивласан. Хүрэлцэн ирж оролцсон болон үйл ажиллагааг дэмжин ажилласан сайхан сэтгэлт та бүхэндээ баярласанаа илэрхийлж ажил үйлс тань өрнүүн их байж, эрүүл саруул, энх тунх байхын дээдийг хүсэн ерөөе.
Төрөлх сум маань үеийн үед салбар бүртээ цэцэглэн хөгжих болтугай.
Хайрхандулаан сумын Соёлын төв.